Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч онлайн унших ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна.
Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг энэ нийтлэлээс үзэж болно. Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ. Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмжээний монгол үзмэрийг үзэж, танилцахдаа энэ үзмэрүүдийг монгол улсын нутгаас мөн хятад улсын өвөр монголын нутгаас Данийн судалгааны экспедицүүд явж байхдаа цуглуулсан зүйл юм гэж ойлгож авсан. Үндэсний музейгээс гадна Данийн Хааны номын сангийн дорно дахины номын сан хөмрөгт байгаа ном баримтууд мөн судалгаа шинжилгээний багийн цуглуулсан сан хөмрөг байж болно.
Судалгааны экспедицээс гадна мянга есөн зуун хорь гучаад оны үед Хөвсгөл нутагт амьдарч эмчийн ажил эрхэлж байсан Дани гэр бүлийн бичиж үлдээсэн баримт мэдээлэл дээр тулгуурласан нийтлэлүүд ГЭР (Дани-Монгол нийгэмлэгийн) сэтгүүлд ер нь байнга л гардаг.
Энэ мэт хүмүүсийн цуглуулж, тэмдэглэж үлдээсэн дэвтэр номын цуглуулга энэ номын сан хөмрөгт хандив болсон байж болно. Хамгийн гол нь монгол бичгээр бичсэн зарим ном судар, гар бичмэл дэвтрийн дижитал хувилбарыг дараах холбоосуудаар уншиж болно.
Үүнд: “Хэдэн зүйлийн үзлэг оршвой.” гэх нэртэй гар бичмэл зурхайн (astrology) номын жагсаалтад бүртгэгджээ. Номын дижитал хувилбарын энэ хуудаснаас “... дөрвөн дунд сар... хүрд. туулай морь тахиа хулгана ... ” гэх мэтээр номыг бүрэн эхээр нь уншиж болно.
“... жил нэрт лити буюу. Түүн дүр жилийн тэргүүн хулгана: сарын тэргүүн барс: мөч цагийн тэргүүн өр гийх: наран ургахын тэргүүн туулай: мах бодын тэргүүн модон: гаригийн тэргүүн адьяа: ...” гээд эхэлсэн цаг тооны бичгийн талаарх мэдээлэл бүхий номыг бүрэн эхээр нь унших боломжтой байна.
“Амаар уламжилсан монгол үлгэр” нэртэй арван долоон дэвтэр дижитал номыг унших боломжтой байна. Эхний есийг нь 1938-1939 оны өвөл Каари Грөнвечийн (Kaare Grønbech (1901-1957)) хүсэлтээр Лувсанранжав (цахар хүү) болон Тончой нарын өгүүлснийг Лувсанранжав, Дамирансүрэн нар тэмдэглэж бичжээ. Холбоосоор үзэхэд дэвтрийн бүх жагсаалтууд байгаа бөгөөд дэвтэр тус бүрээр нь дэлгэж унших боломжтой байна.
“Хутагт их хураангуйд Молон Тойн бодист эх дүр ийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой.” нэртэй судрыг холбоосоор нь унших боломжтой юм байна.
Манж болон монгол бичгээр бичсэн хууль дүрмийн бичиг байна. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны залруулгын засахасан хууль зүйлийн бичиг. Залруулгын засахасан ани монгол хана ванг ууд ....” гээд хар өнгөөр манж бичгээр, улаан өнгөөр монгол бичгээр бичсэн баримт байна. Нийт 72 хэсэгтэй монгол нутагт хэрэгжүүлэх хуулийн хянан засварласан баримт бололтой.
Үүний адилаар монгол бичиг, манж бичиг, хятад ханзаар зэрэгцүүлэн орчуулж бичсэн баримтууд байгааг сонирхсон хүн номын сангийн вэб хуудаснаас дэлгэрүүлж уншаарай.
Монгол бичгээр унших эх сурвалж ном интернетэд олон болтугай.
Comments
Танд маш их баярлалаа. Үнэхээр хэлэх ч үг алга, баярлалаа баярлалаа гэж дахин дахин хэлье дээ