Эх нийтлэл 1997 ,12 сар №23 "Алтан босго" сонины Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен" |
Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз.
Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 10 дугаар ордерын дагуу гэрт нь ба хашаа байшинд нь нэгжлэг явуулж битүүмжлэн хураасан зүйлийн тоо, нэрсийг жагсаан архивт үлдээжээ. Өлзийбалыг дайчлан баривчлах төлөвлөгөөнд Ш.Коцитский-Цэдэн-Ишийн даалгавраар 1923 онд Мoнгoлын Коoпeративийн нэрийдлээр Хятадын Хайлаар, Харбин, Манжуур зэрэг газруудаар явж эсэргүү харилцаа холбоо байгуулсан сэжиглэл бүхий бөгөөд Японы тагнуулын ажлыг тус улсын дотор анх зохион байгуулсан Япон доктор Козима лугаа тагнуулын холбоо байгуулж, тэрхүү Козимаг буцаасан" гэж дурджээ.
Цэвэг овогтой Өлзийбал 1887 онд Буриадын Хяран хоолой хэмээх газар Аригуун Жамбалын гуравдугаар хүү болон төрж, эх эцгийн гар дээр таван цас хүртэл бойжиж өөрийн эхийн дүү Цэвэгийн Самдан гэгчид үрчлэгдсэн ажээ. 1903 онд үрчилж авсан эх, эцэг нь нас барснаар тэрээр 16 настайдаа өрх толгойлон үлдэж 25 хүртлээ мал маллаж, түлээ мод бэлтгэх зэрэг хар бор ажил хийн амьдарч байгаад 1912 онд амьдралын мөр хөөн Монгол нутагт ганц биеэр ирж хань болох С.Дугармаатайгаа нийслэл Хүрээнд танилцан гэрлэж таван хүүхэд төрүүлсний гурав нь одоо амьд сэрүүн амьдарч байна. Буриадын Хиагт аймагт түүний төрсөн ах Жамбалын Санж, Түвдэн, дүү Рэгзэн, Дамдин нар нь үлдсэн бөгөөд 1925 оноос хойш холбоо тасарсан мэдээг эргэцүүлэн суухуй тэдний зарим нь одоо ч энх тунх амьдарч байж болох юм даа гэсэн зөн совингийн ч юм уу далдын увдис цээжин орноо жингэнэн ховсдох мэт сэтгэлийг урин дуудна. Хүний амьдралын хувь тавилан үнэхээр донсолгоо доргиотой нь энэ хүний намтар түүхээс үзэхэд нэн тодорхой харагдана. Тэрээр 1914 оноос Хүрээний өлөн гэдэсний заводод өлөн боловсруулах мэргэжил эзэмшиж, заводыг ажиллуулж байсан тэр үеийн Еврей нарт хэлмэрчлэн хөдөөнөөс мал бэлтгэх ажилд оролцож байжээ. 1916 онд Нийслэл хүрээнд ажиллаж байсан Орос Хятадын дэлгүүрүүдээс хувьдаа төмөр хэрэглэл, бараа худалдан авч хувийн бие даасан дэлгүүр нээн худалдаа эрхлэх болсон нь сүүлдээ "Өдзийбалын дэлгүүр" гэж алдаршсан бөгөөд эд таваарын чанар сайн, хэрэгцээ ихтэй, үнэ хямд худалдааны соёлтой, үнэнч шударга байснаараа олонд талархагдаж ашиг орлогоо сайтай ажиллаж байсныг одоо ч эргэн дурсах хүмүүс бий ажээ. Энэ л үеэс Өлзийбал Монголын дэвшилт үзэлтэй худалдаачдын хамт цэвэр Монгол бие даасан худалдааны бодлого боловсруулан хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан байна.
Архивын материалыг үзэхэд Ц.Өлзийбал 1918 онд хэсэг нөхдийн хамт "Нөхрийн хоршоо" нэртэй хувь нийлүүлсэн Монгол худалдааны пүүс байгуулан цугларсан 3000 хятад янчааны үндсэн хөрөнгөтэй болсон нь тэр үедээ энэ мөнгө багагүй хөрөнгийн эх үүсвэр болжээ. Уг хоршоонд түүнээс гадна Бадамжавын Гомбо, Балсангийн Батцэрэн, Юмтын Дамба, Жамбын Ваанчиг зэрэг хүмүүс хувь нийлүүлсэн түүхтэй. "Нөхрийн хоршоо" нь Өлзийбалын худалдаа наймааны дадлага туршлагад тулгуурлан мөнгөө Бээжин дэх Орос-Хятадын хамтарсан "Азиатский" банкинд шилжүүлсэн Б.Гомбын эхнэр Хятад гаралтай Сиеэ авгайг орчуулагч болгон Бээжингээр дамжин Тяньжин хотод наймаа хийлгэхээр томилжээ. Тяньжин хот нь тэр үед Европ, Америк, Японтой Хятадын шууд худалдаа хийдэг далайн томоохон боомтын нэг байсан бөгөөд "Нөхрийн хоршоо" -ныхон дээрх хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн голдуу төмөр эдлэлийн барааг дамын зуучлалчгүйгээр шууд худалдан авах бололцоог судалсан нь сонирхол татаж байна. Ц. Өлзийбал худалдан авсан бараагаа Жанчхүү хүртэл төмөр замаар ачуулж Хүрээ хүртэл Замын үүдээр дамжин чийчаан болон тэмээн жингээр тээвэрлэж байсан баримт архивт үлджээ. Энэ үйл явдал нь манай орны түүхэнд худалдааны хувь нийлүүлсэн Монгол пүүс анх үүсч хоёрдогч (Хятад буюу Орос) зуучлалгүйгээр жинхэнэ үйлдвэрлэгч улсаас тэр үед өөрийн оронд ховор байсан төмөрлөгийн чухал бүтээгдэхүүн худалдан авч улс, иргэдийнхээ хэрэгцээг хангаж болох замыг нээснээрээ чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг түүхийн өмнөөс хүлцэн өчье. Өлзийбал нь хүрээнд худалдаа арилжааны өргөн танилтай, дэвшилт үзэл бүхий сэхээтнүүдтэй нөхөрлөдөг байсны дотор ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Солийн Данзанг аль 1915 оноос сайн таньдаг байсан бөгөөд тэр цагт-түүний эх орноо гадаадын дарлалаас чөлөөлөх үзлийг дэмждэг, түүний ахуй амьдралд нь зүйл бүрийн туслалцаа үзүүлж байсан тухай Өлзийбалыг 1936 онд баривчлан байцаасан архивын материалд байгааг "Бодлын солбицол" cонины 1992 оны 53-54 дүгээрт Солийн Данзангийн тухай нийтэлсэн "Үнэний ялалт" өгүүлэлд иш татан өгүүлжээ. 1918 онд Буриадаас ирсэн Коцитский Цэдэн-Иш, Сүхбаатарын хамтран зүтгэгч Галан Галанов, Бимбаев Раднажав (Ринчен Бимбаевын аав) нар хүрээний анхны Орос сургуульд хүрээнд амьдарч байсан ихэнх Буриад нарыг цугларуулан бүх Монголыг нэгтгэн нэг улс болгох саналыг дэвшүүлэн хэлэлцэхэд бүгд зөвшөөрсөн бөгөөд түүнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн оролцож байсныг архивын материал нотолно. Хувьсгалын дараа үүсэн хөгжсөн харилцан туслалцах хоршооны ерөнхий хорооны дарга асан Коцитский Цэдэн-Иш Ц.Өлзийбалын худалдааны дадлага туршлагыг ашиглах зорилгоор 1924 онд түүнийг Монголын харилцан туслалцах хоршоонд татан ажиллуулжээ.
Гоголийн хөшөөний дэргэд, баруун талынхан Өлзийбал, зүүн талынхан Балдандорж. 1923 он |
Өлзийбал 1924 онд Монгол улсыг төлөөлөн тэр үеийн Оросын Нижегородын (Нижний Новогород) олон улсын яармагт оролцон худалдааны гэрээ хэлэлцээр хийх ажлыг 1925 оныг дуустал Москва, Ленинград хотуудад хийж байсан тухай архивын баримт бий. Тэр үед Монголоос мал аж ахуйн түүхий эд, ангийн үс зэргийг тээвэрлэн аваачиж оронд нь улсын эдийн засагт чухал шаардлагатай гадаадын бараа худалдан авдаг байлаа. Нижегорoдын Олон улсын яармаг нь 1817 оноос 1929 он хүртэл 100 гаруй жил ажиллаж байсан бөгөөд нэвтэрхий толиноос үзэхэд яармагт Оросын улсуудаас гадна Герман, Англи, Грек, Турк, Иран, Хятад; 1924 оноос Монгол улс оролцож эхэлсэн нь Монголын хувьд бие даан Олон улсын яармагт нэгдсэн анхны түүх үүссэн гэж үзэж болно. Өлзийбал 1926 орд эх орондоо буцаж ирээд хэсэг нөхдийн хамт тэр үеийн яриагаар "3авсар нийлэлдэн" хэмээхүй анхны хөдөө аж ахуйн нөхөрлөлийг сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулж Зүүнхараагийн ойролцоо Цагаан мужааны газар гэж нэрлэгдэж байсан Баянголд төвлөрүүлэн нөхөрлөлөө "Хадлан тариалан ба мал аж ахуйг хөгжүүлэх нөхөрлөл" гэж нэрлэсэн тухай архивын баримт бий бөгөөд уг нөхөрлөл нь улсын хэмжээнд цоо шинэ хэлбэрийн ХАА-н үйлдвэрлэл байсан учир анхаарал татаж-Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбат хаанаар толгойлуулсан төлөөлөгчид 1927 онд газар дээр нь очиж танилцаж байжээ.
Хараа голын хөвөөн дээр Нөхөрлөлийн байгуулсан тээрэм, Өлзийбалын өвөр дээр хүү Арвий, зүүн гар талд Мятав, Готов нар. 1928 он |
Нөхөрлөл нь 100 шахам га газар үр тариа тариалж, түүнийгээ гурил болгон боловсруулах тээрэмтэй, арвин ашиг шим бүхий үхэр, ажлын адуун сүрэг, цөөн тооны хонь, хадлангийн нэлээд талбайтай ажлаа явуулж байсан ба нөхөрлөлийн даргаар Ц.Өлзийбал ажиллаж нөхөрлөлд хувь нийлүүлсэн Гомбожав, Абид, Балсан, Даш, Юмтын Дамба, Аюуш, Бат-Очир, Баярын Пүрэв, Гомбо, Лодой нар хамтран хөдөлмөрлөж 1926-1931 он хүртэл зургаан жил ажиллаад таржээ. Нөхөрлөлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үр тариа гурил, хадлан өвс, мал мах, сүү цагаан идээг ихэвчлэн нийслэлийн зах зээлд худалдан борлуулж иргэдийн хэрэгцээг хангадаг байснаас үүдэн хамтран ажиллахын давуу талыг мэдэрсэн хүмүүс урьдын жишээгээр дахин хоршоолол байгуулах санал тавьж 1936 онд дахин хоршоолол байгуулахаар Өлзийбалыг урьсан боловч түүнийг 1936 оны 8 дугаар сард улс төрийн хэрэгт хэлмэгдүүлэн баривчилжээ. Өлзийбал нь Монголын автономит болон хувьсгалт засгийн анхны жилүүдэд улсаа гадаадын худалдаачдын эрхшээлээс ангижруулан бие даасан эдийн засгийг байгуулахад багагүй хувь нэмэр оруулсан тэргүүний үзэлтэй, тэр үеийн худалдаа эдийн засгийн нэрт зүтгэлтэн байсныг түүхийн шарласан хуудас нэхэн дурсаж байна. Монголын эдийн засаг нялх буурай байсан тэр хүнд цагт зах зээлийн шударга зарчмыг хөгжүүлэх үйлсэд түүний оруулсан үнэт хувь нэмэр одоогийн бизнесменүүдэд сургамжтай бөгөөд үнэн мөнөөр нь судлан нэрийг нь мөнхжүүлэх ажил ихээхэн үгүйлэгдэж байна. Ц.Өлзийбал нь хувьсгалын анхны жилүүдэд нэлээд чинээлэг хөрөнгөтэйд тооцогдож байсан бөгөөд архивын болон ахмад хүмүүсийн дурсамжаас үзэхэд хөрөнгөө нөөцлөн хямгадаж суудаг нэгэн биш Монголд цоо шинээр гарч ирсэн соёл урлаг, техникийн томоохон байгууламжид ихээхэн хөрөнгө хандивлаж байсан ажээ. Тухайлбал Бөмбөгөр ногоон театрыг барих болон нисэх хүчин байгуулах, харилцан туслах анхны хоршоо "Кooператив"-ыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хөрөнгөө хандивлаж байсан баримт бий.
Хөгшин ээжий С.Дугармаа 1900 гаад оны үе |
Өлзийбалын гэргий Самдан овогтой Дугармаа нь 1893 онд Хиагт орчим төрсөн бөгөөд Хиагтын оросын эмэгтэй хүүхдийн гимназийг дүүргэсэн соёлтой хүн байсан ба 1981 онд нас баржээ. Өлзийбалыг хэлмэгдүүлэн бaривчлaхдaa тэдний хөрөнгө хогшил, хашаа байшинг бүгдийг хураан авч эхнэр Дугармааг таван балчир хүүхэдтэй нь гудамжинд үлдээжээ. Ногоон малгайтнуудын үйлдсэн энэ харгис хэрцгий ажиллагаа Монголын олон сайхан шилдэг хүмүүсийн амьдралаар тоглож хар толбо үлдээсний нэгэн амьд жишээ энэ юм. С. Дугармаа айлын хашааны мухарт үлдсэн саалийн ганц үнээгээ саан хүүхдүүдээ хооллож хувцаслан эрдэм номын мөр хөөлгөн хүний зэрэгт хүргэсэн асар их сэтгэлийн тэнхээтэй ачит ээж юм. (Хүмүүс минь, хойч үе минь Монголын ийм ачит эхчүүдийн дурсгалыг үүрд хүндэтгэж яваарай. Зохиогч) Тэднийхээс битүүмжлэн хураасан хөрөнгийн жагсаалт мөрдөн байцаалтын материалтай хамт архивт байгаа бөгөөд (1997) одоогийн ханшаар үнэлэхэд ойролцоогоор 10 гаруй сая төгрөгийн эд хогшил байжээ. Өлзийбалын ууган охин Цэвэг овогтой Долгорсүрэн юм. Эцгийгээ хэлмэгдэхэд овгоо албадан солиулж өвөг эцгийнхээ нэрээр хүүхдүүд нь ийнхүү овоглуулжээ.
Ц.Долгорсүрэн 1919 онд төрж бага, дунд сургууль дамжин суралцаж байсан боловч эсэргүүний хүүхэд гэж сургуулиас хасагдаж залуугаасаа эм зүйч, барилгын зурагчнаар ажиллаж 1939 онд Халхын голын байлдааны үеэр Баянтүмэнд, цэргийн барилга барилцаж явсан сонин түүхтэй хүн юм. Тэрээр манай нэртэй эрдэмтэн, зохиолч Дондогийн Цэвэгмидийн бэлэвсэн гэргий/ бөгөөд одоо 73 настай(1997), үр ач нарынхаа хамт энх тунх амьдарч байна. Удаах хүү Готов нь 1922 онд төрж бас л Багшийн сургуульд сурч байхад нь сургуулиас хасч амьдрахын эрхээр Өгийнуурын загасны үйлдвэрт загасчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдан 1942 онд МУИС-ийн бэлтгэл ангид орж 1948 онд их сургууль дүүргэн Монголын анхны үндэсний хүний их эмч нарын нэг болжээ. Тэрээр Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт ерөнхий эмч, ЭХЯ-нд Эмчлэн сэргийлэх газрын дарга, Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаад өвчний учир 1972 онд нас баржээ. Сүхбаатар аймаг түүнийг анхны хүний их эмч хэмээн хүндэлж аймгийнхаа орон нутгийг судлах музейд зураг, намтрыг нь тавьсан байдаг ажээ. Гурав дахь хүү Ц.Мятав нь 1925 онд төрсөн бөгөөд Москвагийн холбооны дээд сургуульд суралцаж төгссөн Монголын холбооны анхны инженерүүдийн нэг юм. Тэрээр радио, телевизийн нэвтрүүлгийн анхны барилга, байгууламжуудыг удирдан бариулсны зэрэгцээ Хонхорын радиогийн нэвтрүүлэх станцын дарга, Холбооны яамны радио, телевизийн удирдах газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртэй гарчээ. Ц.Мятав гуай УИХ-ын депутатаар сонгогдож, төрийн одон медалиар шагнагдаж байсны дотор ЗХУ-ын "Дружба" одонгоор шагнагдсан цөөхөн хүний нэг билээ, (гавьяат холбоочин). Дөрөв дэх хүү Ц.Арвий 1927 онд төрж 1948 онд МУИС-ийг мал зүйч мэргэжлээр дүүргэн Архангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудад мал зүйч, селекцнер-мал зүйч, САА-н дарга, аймгийн ХАА-н удирдах газрын дарга зэрэг ажлуудыг хийж байсан боловч амьдралынхаа ихэнх жилийг арвин, их ашиг шимтэй үүлдрийн хонь гаргах эрдэм шинжилгээний нөр ажилд зориулжээ. Тэрээр 40 гаруй жилийнхээ уйгагүй хөдөлмөрөөр хивсний зориулалтын торгомсог ноостой Байдраг үүлдрийн хонь бүтээсэн нь өндрөөр үнэлэгдэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт, гайхамшигт ашиг щимтэй малаар тодрон бүртгэгдсэн. Монголын анхны сайн үүлдрийн хонь болжээ. Тэрээр ХАА-н ухааны дэд доктор бөгөөд 1995 онд ХААИС-ийн хүндэт доктор цол хүртэж эдүгээ Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн МАА-н эрдэм шинжилгээний станцад зөвлөх эрдэмтнээр ажиллаж байна,(гавьяат мал зүйч). Тав дахь охин Ц.Цэрмаа нь 1930 онд төрсөн бөгөөд Москвад химийн техникум, МУИС-ийг монгол, хятад хэл-утга зохиолын мэргэжлээр дүүргэж Холбооны яаманд маркийн товчооны дарга, хот хоорондын телефон харилцааны газрын дарга зэрэг ажил эрхэлж байгаад 1977 онд-өвчний учир нас баржээ...
...Ийм нэгэн гэр бүлийн тухай эргэцүүлэн бодож бичиж суухдаа хүнийг хэлмэгдүүлнэ хэлмэгдүүлнэ гэхэд үр хүүхэд, эд хөрөнгө, оюун-сэтгэлээр нь давхар шийтгэдэг ямар хачин харгис цаг бидний ард үлдсэнийг нэхэн дурсаж Монголынхоо төлөө зүтгэсэн тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх хэрэгтэй юм даа гэж төрийн өмнөөс уучлал эрэн сөгднөм. Ерөнхий сайдаас авахуулаад гудамжны хэн ч, цоо шинэ охин, эх орноо бүтээсэн гараараа таяг тулсан өвгөн, илүү ч үгүй, дутуу ч үгүй эгэл амьдарч яваа хэн ч байлаа өлгий, авс хоёрыг адилхан дамжина. Энүүхэн богино зайд бид яах гэж нэг нэгнийгээ мэрж амьдардаг юм бэ?!! Хариу нь ердөө л бидний дэргэд байна. Үүл нүүж, бороо асгарч, цэцэг дэлгэрэн нар мандсаар л байна. Ц.Өлзийбал хэмээх яруу зохист энэ хүн одоо орчлонд алга. Би түүхийн эвдэрсэн балгасан дундуур тэнэж явна. Таныг эрэн сурвалжлах дараачийн шинэ зууны сэтгүүлчид миний нээсэн бяцхан "зөрөг" битгий хуучраасай билээ. Хүнийг аятайхан цагаатгаж залруулж болдог тухай бид өнөөдөр тун аятайхан ярьж байна.
Аа... xapин сүнсийг цагаатгаж чадахгүй. Өчүүхэн тэмдэглэлийн минь баатар Ц.Өлзийбал гуай хийгээд Монголын хэлмэгдсэн олон олон алдартнуудын ариун-сүнс биднийг харж яваа гэдгийг бүү мартаарай!...
Аа... xapин сүнсийг цагаатгаж чадахгүй. Өчүүхэн тэмдэглэлийн минь баатар Ц.Өлзийбал гуай хийгээд Монголын хэлмэгдсэн олон олон алдартнуудын ариун-сүнс биднийг харж яваа гэдгийг бүү мартаарай!...
Сэтгүүлч Д.БАЯНТУНГАЛАГ
Comments