Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг.
ОРЦ:
300 гр түүхий өрөм
225 гр гурил
чимх давс
240 мл сүү эсвэл ус эсвэл цай
2 х.х хэрчсэн чангаанз
2 х.х үзэм
2 х.х хэрчсэн чавга
2 х.х элсэн чихэр
2 х.х наран цэцгийн үр, самар
Арга:
- Хайруулын тогоонд өрмөө хийж хайлуулна.
- Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж шарна.
- Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2- 3 минут орчим хутгаж хайр.
- Хайрагдаж байгаа хайлмаг дээр элсэн чихэр, жимс, самар нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана.
Ингээд хөргөж байгаад идээрэй.
( Цагаан сарын бэлтгэл гээд ээж минь хайлмагаа хийж байна. Гурилын хагасыг арвайн гурилаар орлуулж болох юм байна. Амт нь янзтай сайхан болжээ.)
Харин түүхий өрөм байхгүй, гадаад нутагт амьдарч байгаа хүн хайлмаг идмээр санагдвал яах вэ гэж бодлоо. Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийчихвэл ямар болох болоо.
Миний мэдэхийн өрмийг Английн "Cornwall", "Devon" гэж нэрлэх нутгаар нутгийн онцлог хүнсний бүтээгдэхүүн болгож хэрэглэдэг. Түүнийгээ "clotted cream" гэж нэрлэнэ яг л манайхны өрөм амтагдана. Гурилыг содтой зуурч бэлтгэх скон нэртэй боовыг өрөм болон жимсний чанамалтай хамт иддэг.
Мөн энэтхэгчүүд шар тосыг (ghee/ghi) гэж нэрлээд хүнсэндээ маш их хэрэглэнэ. Энэтхэг хүнс зарах ямар ч дэлгүүрээс авч болно гэж бодож байна. Тэгэхээр өрөм, шар тос хэрэглэдэг газрууд бусад олон улс оронд байдаг байхаа ийм төрлийн өөр жишээ мэдэх бол сониноосоо хуваалцаарай залуусаа.
Comments
Замба зуурах гэдэг чинь арвайн гурил зуурч идэхийг хэлж байгаа биз дээ?
Гандан дээр бүүр том томоор хийгээд гоёор чимээд тавьсан байдаг. Ер нь Арвайн гурил зуурч идэх (замба) Төвдүүдээс манайхан авсан зүйл ч байж магадгүй.
Хайлмаг бол бараг өөр газар байхгүй байхөө ;)