Шарах шүүгээнд ногоог өндөр температурт шарахад шүүс нь хадгалагдаж ногоо сайхан амт ордог. Энэ аргаар болгосон ногоог хоолны сүмс эсвэл хачир болгож хоолондоо хэрэглэнэ. (2-4 хүнд)
ОРЦ:
1 ш хаш (баклажан)
2 ш хурган гуа (коужет)
1 ш том сонгино
2 ш уутат чинжүү, үрийг нь цэвэрлэх
450 гр улаан лооль
2-3 ш сармисны хумс
50 гр ургамлын тос
250 гр улаан лоолины сүмс (бэлэн эсвэл урьдчилан бэлтгэсэн байна)
350-450 гр гоймон эсвэл элдэж хэрчсэн гурил
3 х.х базель
чимх давс, чимх хар перец
1. Шарах шүүгээг 240 C хэмд халааж бэлтгэнэ.
2. Ногоог 3-4 см жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ. Жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэвэл ногоо болох нь жигд байдаг.
3. Шарах шүүгээний тавиурт хэрчсэн ногоог хийж ургамлын тосыг дээр нь хийгээд хэсэг бүрд хүргэж гараар түрхэнэ.
4. Жижиглэсэн сармис, давс, хар перецийг дээр нь жигд тарааж цацна.
5. Тавиуртай ногоог шарах шүүгээнд хийж, ногоог зөөлөрч борлотол нь 25-30 минут болго. Ногооны ирмэг бага зэрэг харлах тохиолдолд санаа зовох хэрэггүй. Ногоог шарах явцад нэг удаа хутгана.
6. Улаан лоолины сүмс бэлтгэх жороор урьдчилан бэлтгэсэн сүмсээ сайтар халааж, дээр нь ногоон сонгино, базелиа нэмнэ.
7. Шарсан ногоог саванд гаргаж дээр нь улаан лоолины сүмсийг нэмж хутгана.
8.Гоймон эсвэл хэрчиж бэлтгэсэн гурилаа буцалсан усанд чанаж болгоод уснаас шүүж гаргана. Ингээд гоймонтойгоо идэж болно эсвэл зүгээр л хэдэн хэрчим талхтай хөнгөн зууш болгоод цайны цагаараа хооллож болно.
Comments