Олон жил авсан гэрэл зургууд хатуу дискийг эзлээд, компьютераас файл хайхад хүртэл төвөгтэй болсон тул зургуудаа янзалж суух зуур онлайн Пикаса альбом аа цэгцэлж, интернэт танилуудынхаа авсан сайхан зургуудыг шохоорхон үзэж байтал энэ хөөрхөн шувууны зургуудыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг юм байна. Баяраа -гийн авсан зургаас энэ шувууныхаа нэрийг мэдэж аваад, “энхэт бялзуухай” талаар эрэлд гарсан Монголын шувуу ажиглагчдын клуб-ын блогоос Улаанбаатар хотын маань ойр орчинд амьдардаг гээд мөн өөр олон сонирхолтой мэдээллийг олж мэдлээ. Шувуудыг таних “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном” гарсныг хүртэл мэдээд авлаа. Энхэт бялзуухайг таних тэмдэг: Гоёмсог өнгө төрх бүхий шувуу. Толгой дээрх сэрэвгэр өдөн залаа нь өвөрмөц харагддаг. Харьцангуй номхон, хүнд төдийлөн ойр амьдардаггүй ч хүнээс үргэх нь бага. Бие нь бүхэлдээ цайвар сааралдуу ч хошууны дээгүүр нүдээ дагасан, эрүүн доогуурх тод хар өнгө нь холоос харагдана. Сүүлний доод өнгө, дух, доод шанаагаараа улаан өнгөтэй. Далавчны дэвүүр өднүүдийн үзүүр, сүүлний үзүүрээрээ бүдэг түрхсэн мэт тод шар өнгө нь их содон харагддаг. Далавчны их бүрхүүл өд, 3 – р дэвүүр өдний үзүүр, дундуур тод цагаан өнгөтэй, 3 – р дэвүүр өдний үзүүрийн улаан ягаан өнгө нь холоос ч тод харагдана. Биеийн урт нь 180 – 230 мм, далавчны урт нь 107 – 120 мм, биеийн жин нь 40 – 72 грамм. Оготор богинохон сүүлтэйгээс бие богинохон тоодгор харагдана. Амьдрах орчин: Голын шугуй, ой мод, хот суурин газарт ч амьдардаг. Модонд үүрээ засч 3 – 7 өндөг гаргадаг. Хоол тэжээл: Төрөл бүрийн үр жимсээр хооллохоос гадна жижиг шавьж хорхой ч иднэ.
Та шувуу сонирхдог бол Баяраа -гийн авсан банхар булжуухай, ягаан бужмар, шунхан цэгцүүхэй гээд манайд амьдардаг гайхалтай хөөрхөн шувуудын олон сайхан зургийг дээрх холбоосоос үзэж болно.
Comments