Би Гүүгл сонордуулгыг (Google alert) ашигладаг юм л даа. Заримдаа сонин сайхан мэдээ дуулгана. Энэ удаа Америкийн Монгол судлалын төвийн Азийн дижитал архив-т монгол бичгээр бичсэн ном байдаг талаар мэдээлсэн байна. Санал болгосон холбоосыг лавшруулж үзтэл 1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэн гаргасан хууль дүрэм, журам бүхий 36 ширхэг номыг дижитал хэлбэртэй хадгалжээ.
Монгол бичгээр албан бичгээ хөтөлж хэрэглэж байх үеийн баримт бичгүүд бөгөөд олзуурхууштай нь бүгд монгол бичгээр бичигдсэн байгаа юм. Монгол бичгээ сурч байгаа хүнд онлайн монгол бичгээрээ унших нэг эх сурвалж болж болох юм гэж бодогдлоо. Ерээд оны сүүлээр Улаанбаатарын гудамжаар хаа саагүй хэрэглэсэн хуучин ном зардаг байсан. Би нэг газраас монгол бичгээр 1949 онд хэвлэсэн үндсэн хууль худалдаж аваад их олзуурхаж билээ. Тэгсэн энэ сайтын номын цуглуулгад 1940 оны үндсэн хууль байж байна. Зуун жилийн дараа бидний ач үрс орчин үеийнхтэйгээ харьцуулан үзэхэд бас л баримт болоод байж байх нь гайхалтай.
Өөр нэг сонирхол татсан зүйл бол бүүр 1925 онд хэвлэсэн “Монголын дархан сүлд цаазтай газруудын учир” гэсэн ном байна. Номын эхний хуудас нь: Орд хамгаалах, Монголын олон аймгийн суга нутаг дор онгон тайлга бүхий дархан цаазтай газрууд олон байна (буй ану). Маш эрт цагаас ... гэж эхлээд, төгсгөл хуудас нь: “Монгол улсын арван тавдугаар оны наймдугаар сард, Монголын ардын номын хэвлэл, Үнэ 9 мөнгө, Улаанбаатар хот дахь орос Монголын хэвлэлийн газар” гэж төгсжээ.
Мөн 1926 онд хэвлэгдсэн өөр нэгэн сонирхолтой баримт бол “Хуш модны самар түүх дүрэм” гээд самрыг түүхий үед нь түүхийг хориглох, түүвэл ... янчаанаар торгох..., үнэ 2 мөнгө гээд төгсгөсөн баримт байна. Энэ нь байгаль орчноо хамгаалж байсан тодорхой жишээ билээ. Сонирхсон хүн лавлаад үзвэл өөр олон зүйлийг мэдэж болох онлайн эх сурвалж болох юм билүү.
Монгол бичгээр унших эх сурвалж ном интернетэд олон болтугай.
Comments
tusal.net-iinhen mon "mongol bichigiin tobch tol"-iig tsahim helbert oruulsan bailee. bi bas blogtoo hulaad tabchihsan. tatah hun n orood tatad abaarai.
amjilt ...