Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаягийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ.
Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилхан аргаар хэрэглэх бөгөөд ажлын шаардлагаас хамаараад олон янзын протокол байдаг. Үүний жишээг дараах хэсэгхэн жагсаалаас харж болох бөгөөд хэрэгцээтэй бол цааш дэлгэрүүлж хайлт хийгээд олон протоколын тухай үзэж болно.
- Address Resolution Protocol (хаяг ялгах протокол)
- alert protocol (мэдээлэх протокол)
- atomic commit protocol (цулыг баталгаажуулах протокол)
- Border Gateway Protocol (хилийн гарцын протокол)
- Challenge Handshake Authentication Protocol (дуудан гар барьж нотлох протокол)
- commit protocol (баталгаажуулах протокол)
- connectionless protocol (холболтгүй протокол)
- Directory Access Protocol (лавлахт хүрэх протокол)
- Directory System Protocol (лавлах системийн протокол)
- Distance Vector Multicast Routing Protocol (зайнаас вектор аар үржүүлэн цацах чиглүүлэгч протокол)
- Exterior Gateway Protocol (гадна гарцын протокол)
- File Transfer Protocol (файл дамжуулах протокол) FTP
- Gateway-to-Gateway Protocol (гарцаас гарцад протокол)
- handshake protocol (гар барилцах протокол)
- Hypertext Transfer Protocol (гипербичвэр дамжуулах протокол)
- Interior Gateway Protocol (дотоод гарцын протокол)
- Internet Control Message Protocol (интернэт хяналт илгээлтийн протокол)
- password authentication protocol (нууц үгийн нотолгооны протокол )
- network time protocol (сүлжээний хугацааны протокол )
- unreliable datagram protocol (багц өгөгдлийн эргэлзээт протокол)
- serial line internet protocol(цуваа шугамын интернэт протокол )
- Transmission Control Protocol (дамжуулал хянах протокал) TCP
- ..... гэх мэт.
Протоколууд мөн бусад протоколуудын өгөх даалгаврыг хэрэгжүүлж үйлчилнэ. Жишээлбэл, сүлжээгээр файл дамжуулахад хэрэглэх файл дамжуулах протокол нь интернэтийн зүрх болох ‘TCP-IP’ протоколыг ашигладаг.
‘TCP-IP’ -ийн үндсэн протокол гэж хэлэх бөгөөд ‘TCP’ дамжуулалт хянах протокол (transmission control protocol) гэж нэрлэнэ. Интернэт дээр ажиллах програм хангамжаас өгөгдлийг цуглуулан багц багцаар бэлтгэж зохих газрууд руу найдвартай дамжуулалтыг хангах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ. Энд дамжуулалт хянах протокол болон интернэт протокол (IP) хамтран ажилладаг.
Интернэт протокол нь ‘TCP-IP’-ийн хэсгийг бүрдүүлдэг протокол. Үүний үүрэг нь дамжуулалт хянах протоколоор хамт цуглуулсан өгөгдлийн багцыг алсын компьютерт дамжуулах үйлдэл юм. Энэ нь цаашаа эргэлзээтэй нэгж өгөгдлийн протокол (unreliable datagram protocol)-оор цуглуулсан мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгүүлдэг.
‘TCP-IP’-ийн өөр нэг үүрэг нь өгөгдөл дамжуулах хаягийн бүтцийг гаргаж ирэх ажлыг эрхэлнэ. Үүнийг ихэвчлэн ‘IP’ хаяг гэдэг. Энэ нь 32 битийн урттай давтагдахгүй тоо байх ба A-гаас D гэсэн анги бүхий хэлбэрүүдээр хаягаа бүрдүүлнэ. Доорх хүснэгтэд эхний (1) хэсэг битүүд нь ангийг тодорхойлох, дараах (2) бүлэг битүүд нь интернэт дэх салбар сүлжээний (subnetwork) хаягийг тодорхойлох, сүүлийн (3) бүлэг битүүд нь салбар сүлжээн дэх хостын хаягийг тодорхойлж байдаг.
анги | анги тодорхойлох эхний битүүд(1) | сүлжээний хаяг (2) | хостын хаяг (3) |
A B C D | 0 10 110 1110 | 7 ширхэг бит 14 ширхэг бит 21 ширхэг бит 28 ширхэг бит | 24 ширхэг бит 16 ширхэг бит 8 ширхэг бит хэрэглэхгүй |
Энэ байдлаар компьютер болон салбар сүлжээний (subnetwork) хаягийг давхардуулалгүйгээр тодорхойлж болдог. Хэрэглэгчид энэхүү хаягийг дөрөв дөрвөөр нь бүлэглэж, дунд нь цэгээр тусгаарласан тоон цуваа байдлаар хардаг бөгөөд энэ бичлэгийг цэглэсэн дөрвөл тоо гэдэг.
Интернэтэд тохиолдох нэгэн бэрхшээл нь интернэтэд холбогдсон компьютерийн тоо өсөж интернэт протоколд хэрэглэдэг 32 битийн хаяг нь хүрэлцээгүй болох явдал юм. Интернэт протоколын хувилбар 6 -г энэхүү бэрхшээлийг даван туулахад зориулж байгаа бөгөөд хаягийн орон зайг 128 бит болгож өргөтгөсөн. Үүнд өгөгдлийн аюулгүй байдлыг сайжруулж мөн нууцлалыг дэмжсэн байна. Үүнийг ‘IPv6’ гэж тэмдэглэх бөгөөд интернэт протоколын дараагийн үе гэсэн ойлголтын талаар та интернэтэд хайлт хийж өөрийн мэдлэгээ өргөжүүлэх бүрэн боломжтой юм.
Comments
Би зөвхөн интернэт, компьютер 2 той байхад энэ бүгдийг яаж хийх вэ гэдгийг туршиж үзэх санаатай байна. Комюьтер дээр суулгасан үйлдлийн системээс гана Ямар ч бэлэн програм байхгүй, зөвхөн нүцгэн СД_нүүдтэй байхад нээлттэй эхийн програмуудыг ашиглаад яаж хийж болох вэ гэсэн санаа. Хэн нэг нь бас туршаад үзчихсэн л байгаа байхдаа
Харин Интернэт протоколын тухай мэдээлэл харж байхдаа хэн вэ гэдгийг хэлж өгдөг ийм хаяг олж үзсэн. http://www.ip-adress.com/whois/ энд тэнд үлдээчихсэн
хаягаар нь хэн бэ гэдгийн мэдэж болно.