Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь
ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос,
Үзэхэд этгээд сонины хэл,
Өв соёлоо үл тоомсорлон,
Өнөөгийн байдал ийм болмай.
Зуун түмэн үгтэй хэлэнд,
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх,
Харийн үгээр далдайлгагсадыг
Хамагийн боловсорсон гэхэд бэрх,
Гадаадын үгээр гайхуулагсадыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.
Хэвлэл сонин үзсэн үдэштээ
Хэлний шинжлэлтэний нойр хулжаад,
Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг,
Хэнхдэг дээр чулуу дарах мэт,
Харь үгийн бүлхинд хахаж,
Харанхуй шөнө хар дарах мэт.
Б.Ринчен
1958.05.07
Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулганд “ хэл хутгалдахын онол”-ыг хэрэглэдэг юм байна гэдгээ мэдэж аваад анхаарах хэрэгтэйгээ нуулгүй хэлмээр санагдлаа. Энэ номыг уншаарай гэж залуусдаа зөвлөмөөр байна. Уг нь 2007 онд хэвлэгдсэн юм билээ, дахин 9 сарын сүүлээр хэвлэгдэж гарна гэж байсан. Мэдэхэд илүү шүү.
Comments
Энэ номыг хаанаас олж авах боломжтой вэ?
Монголчуудыг төр засгийн тэргүүнээдээсээ авхуулаад л Оросыг дуурайлаа л гээд байх юм. Тэгж их дуурайсан гэж үү гэхэд нь
Сайран хөлтийн гоймон баатар
Сартвайх Ленинээс хувьсгал нэгийг шаагаад
Сан бээсийн мухар толгой
Сахал Сталинаас нугалаа нэгийг шаагаад
Санхүүгийн шалдан банди
Саахалтын Оросоос авгай нэгийг шаасан юм чинь тэгэхгүй гээд ч яахав
гэж хариулж байсан гэдэг. Шууд толгой холбоод л мундаг хэлж байгаа юм шүү. Харин Монгол хэлэнд нэг үг бүх үйл үгийг орлуулж чаддаг гэдэг нэлээн дээр үеэсээ хэрэглэгддэг байсан юм шиг байгаа юм :D
Тооцоолуурын орчуулгаа их гоё ойлгомжтой, Монгол хэлээрээ орчуулах юмсан. Гэхдээ бас бүх үгийг орчуулчихна гэхээр бас галигламаар санагдаад байдаг юм? Яг орчуулга хийгээд явах үед хэл шинжээч эрдэмтэд энэ тал дээр хяналт тавиад, тохирох Монгол үгийг санал болгоод явбал зөв байх даа.
Баярсайхан: Би багшаас мэйлээр нэг асуугаад хэлье. Гэхдээ миний бодлоор Монгол улсын их сургуулийн хоёр дугаар байр гэж нэрлэх шинжлэх ухаан мэдээллийн төвийн чанх хойно автобусны буудлын харалдаа байрлах байрны гурав дугаар давхарт (МУИС-ийн Монгол хэл судлалын сургууль) ном худалдааны цэг байгаа, тэнд байж магадгүй юм. Тэндээс би “Монгол хэлний найруулга зүй” гэсэн Ц.Сүхбаатар багшийн номыг энэ сарын эхэнд (6 дахь хэвлэл) хэвлэлээс гарсан байхад нь авсан. Тэнд 322 хуудаст ... “труба” мэтсийг дэлхий нийтийн нэр гэж “трубадаж” байсныг бодоход ... гээд бас бидэнд мэдэхэд хэрэг болох зүйл байна лээ.
ХҮҮ: Програм хангамжийг нутагшуулахад, тооцоолуурт холбоотой үгсийг монгол хэлээрээ гоё буулгах нь хэрэгтэйг олон хүн ойлгоод байгаа хэрнэ, бид нэг л голдиролд орж чадахгүй байх шигээ. Миний бодлоор уйгагүй орчуулаад л хувьсгаад байхад хөгжил явагдаж байна гэж би ойлгож байгаа. Болохын зүтгүүлээд, болохгүй үгээ галиглаад хэрэглэж байхаас. Гэвч бас галиглаад буруу хэвшил тогтоочих байх гэж санаа зовоод байгаа шүү дээ.
Би өөрийн таних мэдэх хэлний мэргэжлийн хүмүүсээсээ энэ ажилдаа туслалцаа авах талаар үргэлжил бодож байдаг юм. Энэ бүх ажил сайн дураар хийгдэж байгаа тул хийе гэсэн хүн л хийнэ. Завгүй (эсвэл дургүй) байвал энд туслаа чээ гээд байх хэрэггүй бизээ. Бид өөрсдийн мэдэх чадах мэргэжлийн зүйлээрээ хэл шинжээч эрдэмтэд компьютерын бүрэн боломжийг ашиглахад яаж тусалж чадах вэ? :D Энэ нь хамтарч ажиллах боломж гаргаад ирэх юм уу?
Хэрэв та багштайгаа холбоотой байдаг бол "далдайлгагсадыг", "Хамагийн" гэх мэт үгүүд дээр яагаад гээгдэх эгшгийн дүрмийг зөрчөөд байгаа юм бэ? гэж асуумаар байна л даа.
Би таны хариултыг хүлээгээд л байн, байн орж ирж шалгаж байлаа л даа.
Би интерном орохдоо олж үзсэн. Тэнд байгаа үгс минийхээс өөрөөр бичигдсэн байна лээ.
Тэгэхээр дахиад ийм асуулт гарч ирж байна. Таны дурдсан шалтгаанууд нь зөвхөн өөрийнх нь дүрэм үү? Хэн нэгэн эрдэмтэн /хэдий эрдэмтэн байлаа ч/ нийтээр хэрэглэдэг дүрмийг зөрж болж байна уу?
Энхбат-д: Алдаа гаргаж болно л доо. Тэгэхдээ тэнд байгаа хувирал авсан ихэнх үг тийм байсан юм аа.
Тэр үед энэ ажлын хүрээнд би бичвэрийг Уламжлалт монгол бичгээс <->кирилл монгол бичигт хөрвүүлэх санаатай тодорхой нэг алгоритм юу уу “patten” гаргачих санаатай оролдож байсан. Энэ үед монгол бичгийн гайхамшгийг бага ч гэсэн мэдэрсэн. Энэ номд хэлснээр кирилл бичгийн дүрэм нь хэрэгжиж байсан бол нэлээд хялбар байх байсан юм уу гэж номыг уншиж байхдаа бодлоо. Мөн орчуулга хийхдээ монгол үгийг сонгох, үг бүтээхдээ анхаарах гээд надад бол мэдэхэд хэрэг болох зүйл их байна.
Баярсайханы асуулт: Тэгэхээр дахиад ийм асуулт гарч ирж байна. Таны дурдсан шалтгаанууд нь зөвхөн өөрийнх нь дүрэм үү?
Миний уншиж ойлгосноор энэ ном яг дүрмийн ном биш юм аа, МОНГОЛ ХЭЛ ээ сайхнаар яаж байлгаж болох вэ гэдгийг хийсэн судалгаа дүгнэлт дээрээ тулгуурлан жишээ баримттай, мөн мэргэжлийн бус хүнд ойлгогдохоор бичжээ гэж би бодсон. Энэ зарчмыг баримталдаг олон хүн байдаг, эсвэл ганц хүн байдаг талаар би огт сонирхож байгаагүй юм байна.
Б а: Хэн нэгэн эрдэмтэн /хэдий эрдэмтэн байлаа ч/ нийтээр хэрэглэдэг дүрмийг зөрж болж байна уу?
Миний бодлоор бид эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа бол хууль зүйн хүрээнд, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хариуцлагаа ч хүлээх чадвартай байх ёстой гэж боддог.
Харин нэг сонирхолтой асуудал бол Дүрэм (ямар нэг үзэгдлийн зүй тогтоол, байнгын харьцааг үзүүлсэн байдал; үсгийн дүрэм; хэлний дүрмийг дагах) хөгжиж өөрчлөгдөж болох уу? Болдоггүй бол яагаад, болдог бол юу нь дээр тулгуурлах вэ?
Ямар ч байсан энэ бүхэн нь одоо байгаа үсэг нь бидэнд зохицохгүй байгаа учир ийм их маргаан, асуудал үүсгээд байгаа гэж би хувьдаа ойлгоод байдаг. Тиймээс сайжруулах, засах, болж өгвөл өөрсдийн зүйлээ буцаагаад хэрэглэчихвэл л энэ асуудал бүр байхгүй болдоггүй юм гэхэд багасна гэж боддог.