Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм.
Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй.
ОРЦ:
1 ш хонины гуя
5-10 ш сармисны хумс
1 х.х ургамлын тос
1 ц.х розмарин
½ ц.х давс, том ширхэгтэй
¼ ц.х перец
Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав.
1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ.
2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаад бэлтгэсэн байвал зүйтэй. Үзүүртэй хутгаар хонины гуяыг ойрхон зайтай хатгаж нүхлээ нүхэнд сармисыг далд ортол түлхэж хийнэ.
3. Ургамлын тос, розмарин, том ширхэгтэй давс, перецийг хольж махан дээрээ түрхэнэ.
4. Шарах шүүгээг 170 С хэм болгон тохируулна. Гуяыг шарах шүүгээнд хийж, 1 цаг 30 минут шараад, үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгана. Хэрэв шүүрхий (буюу шүүс улаавтар гар ч) байвал дахин 10 минут болгоод дахин шалгаж үзээрэй.
САНАМЖ:
- Хэрэв мах болохоос өмнө гадна тал түлэгдмээр бол хэсэг хугацаанд мөнгөн цаасаар хучиж шарна.
- Шарах шүүгээ нь сэнстэй, сэнсийг хэрэглэх тохиолдол 25-30 С хэм орчим ердийн халаалтаас халуун байдаг. Энэ тохиолдолд дулааны хэмийг зөв тохируулахаа анхаараарай. Шарах шүүгээний дулааны хэм маш чухал байдаг.
Comments