Skip to main content

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай. 



Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн

Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.

Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ. Бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй бүртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялалзана.

Тэрхүү хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бүрээ, бишгүүрийн дуу үргэлжлэн дүнгэнэнэ. Цам, жахар бүжиглэж байгаа юм байжээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж, ийш тийш зөрөлдөнө.

Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.

Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн тусав. Нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил өнгөтэй




ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмтэн оюутны боловч хүслийг холбилзуулан татна.

Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржгин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нүдний хар цагаан нь хослоод хотын залуу хүний дээр эелдгээр хөдлөх тутам миний нүд эрхгүй дагалдан давхина.

Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмссөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, түүний


дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар.

Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ. Залуу хүн түүний замыг хөндлөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно.

Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж үгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээхэд нь үнсэж шимбэл ханашгүй биз ээ.

Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхолыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөөдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзалсан эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн хатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.

Comments

Уул нь монгол бичгийг html 5 дэмждэг болгох талаар хөөцөлдвөл монгол бичгээр бичигдсэн вэб хийхэд хялбар болно гэж би боддог юм.

Би анх 10 жилдээ ороод монгол бичгээр 4 жил бүх хичээлээ заалгуулсан. Одоо ч бараг мартах дөхөж дээ. :D
Үүнийг чинь ер сонирхож үзээгүй юм байна шүү. Миний бодоход монгол бичгээр ажиллах нөхцөлийг бол 1999 оноос UNICODE 3.0 орсон үеэс бүрдүүлсэн гэж боддог юм. Харин яг үнийг сонирхож тууштай ажиллах баг бүрдэхгүй байгаас удааширч байгаа гэж боддог. Одоо бол "Төвөгтэй Бичвэрийг Зураглах"="Complex text layout" (CTL) дэмждэг систем дээр бол, Опентайп фонттойгоор ажиллах боломж бүрэн байгаа. ISO 639-3 зүгээс анхаарах зүйл байгаа юм. http://en.wikipedia.org/wiki/ISO_639:m#mon хараарай. Манай стандартын газраас одоо үүнийг анхаар ч сонирхдог юм уу бүү мэд, урьд нь сонирхдог ганц нэг хүн байсан.
xvv said…
Баярлалаа. :)
Харин уг нь болдогсон бол улсаас л жаахан дэмжүүлмээр байгаа юм...
Тэгж байгаад энэ талаар жаахан хүмүүсийг уриалах санаатай л байна.
Яг гардаад хүмүүсийг чирээд, дагуулаад явах хүн ховор байгаа болохоор бас тэгсгээд замхарчихаад байх юм даа..
Ямартай ч өөрсдөө бага ч болов сураад, залуу үедээ ядаж гэр бүлийнхээ хэдэн бацанд зааж сургаад явахсан гэж бодоод л явж байна. :)
Их дээд сургуулийн багш оюутныг нийлээд татаж оруулбал дэмжлэг сайн гарч ирэндээ. Бас монгол бичгийн дэмжих төрийн бус нэг байгууллагаа байдаг. Нэрийн санахгүй байна.:D
baynaa said…
Энэ гар бичмэл хэрэг үү... Ямар сайхан бичээ вэ?
Энэ бас Дашцэдэн багшийн гар бичмэл http://mongolian-script.blogspot.com/2010/07/1.html гоё байгаа биздээ. Би ийм гоё бичдэг хүмүүсээр юм бичүүлээд тавиад байя гэж бодож байгаа юм. Хүн мөнх биш, харин бичсэн ийм сайхан зүйлээс нь дараа үе нь сурчил байг тиймээ.

Олон уншигдсан

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...